Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мандах их сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо

Нийтэлсэн: 2018-09-06 16:14:40 Үзсэн: 36

 

2018 оны 09 сарын 06-ны билэгт сайн өдөр Мандах Их сургуулийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдлээ.

1992 онд анх 10 хүрэхгүй багш 60 гаруй оюутантай түрээсийн байранд хичээл сургалтаа эхэлж байсан тус сургууль өнөөдөр хотын А зэрэглэлийн бүсэд олон улсын стандарт шаардлагад нийцсэн 8000 шахам  кв.метр талбайтай хоёр блок барилга болон Мэдээлэл Технологийн сургуулийн 940м кв талбайтай 3 давхар барилгуудыг ашиглалтанд оруулж багш ажиллагсад, оюутнуудын сурч ажиллах таатай орчинг бүрдүүлэн шинэ хичээлийн жилдээ урам зоригтой орж байна.

Нээлтийн ёслолыг утга гүн, уянга яруу төгөлдөр уртын дуугаар хийморь юугаан сэргээж, хос чавхдаст хуурын аялгуугаар сэтгэлийн жаврыг үргээж эхэллээ.

 

Үйл ажиллагааг тус сургуулийн захирал профессор Г.Нанжид нээж хэлэхдээ: Сургуулийг үүсгэн байгуулсан багш нар болон нэгэн хүсэл зорилготой хөдөлмөрч хамт олны хичээл зүтгэлийн үр шим болсон энэхүү эрдмийн өргөөний нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд баяр хүргэхийн ялдамд бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг байгууллага хувь хүмүүс, сургуулийнхаа нэр хүндийн баталгаа болсон төгсөгчиддөө талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүслээ.

Ёслолын үйл ажиллагаанд уригдаж оролцсон зочид тус сургуулийн нэр хүнд, байр суурь, суралцагч, төгсөгчдийн чанар, чансаа хамгийн өндөр төвшинд  явж ирснийг дурьдаж байсан бөгөөд ХИДСХ-ны УЗ-ийн гишүүн С.Нямзагд:

Мандах Их Сургуулийн сургалтын хөтөлбөр Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэхэд онол, аргазүйн хувьд жинтэй хувь нэмэр оруулж чадсан. Хичээлийн шинэ байрны байршил, барилгын чанар нь хамгийн өндөр зэрэглэлийн төвшинд хүрчээ. Миний анзаарч харснаар Мандах Их Сургууль өөрийгөө магтаад, гайхуулаад явдаггүй. Гэхдээ бусдаар өөрийнхөө үйл ажиллагааг үнэлүүлж цэгнүүлж явдаг сургууль. Мөн Үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаар хамгийн анх магадлан итгэмжлүүлж чадсан, төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын хувийн их дээд сургуулиудыг түүчээлж яваа сургууль гэдгийг хэлье хэмээн өгүүлж байлаа.

Мандах Их Сургуулийн хичээлийн шинэ байрыг БАТС ӨРГӨӨ ХХК-ийн хамт гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд барьж ашиглалтанд оруулсан юм. Шинэ байрны түлхүүрийг тус компанийн ерөнхий захирал Б.Батсайхан Мандах Их Сургуулийн захирал профессор Г.Нанжид, Санхүү хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин нарт гардуулан өглөө.

 

 

 

 

 

 

Хүндэтгэлийн улаан туузыг Мандах Их Сургуулийн захирал профессор Г.Нанжид, Санхүү хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин, Ерөнхий нягтлан Г.Эрдэнээ, Батс Өргөө ХХК-ны захирал Б.Батсайхан, БГД-ийн засаг дарга С. Одонтуяа, Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Чой. Чимэдсүрэн нар хайчлан эрдмийн их өргөөнд зочид  төлөөлөгч, оюутан залуусын хамт морилон орлоо.

БИД МЭДЛЭГЭЭР БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ

Шинэ мэдээ